ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ- ХӨГЖҮҮЛЭГЧ СУРГУУЛЬ

Posted on 2013/06/13 · Posted in Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ

DirДаяарчлалын эрин үед дэлхийн улс орнууд ойртон нягтарч, бие биенийхээ соёл боловсролыг ойлгох, хамтран ажиллах хандлага улам өргөжсөөр байна. Дэлхийн улс орон бүрийн сургуулиуд суралцагсдадаа олгож байгаа боловсролын түвшингээр харилцан адилгүй байна. Улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх ирээдүйн мэргэжилтнүүдээ онцгой сайн бэлтгэж гаргах зорилт улс орон бүрийн өмнө тавигддаг бөгөөд энэ нь дэлхийн иргэдийг төлөвшүүлэх асуудлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Өнөөдөр их дээд сургуулиуд сургалтын зорилго, хэв шинж, үр дүнгээрээ дөрвөн хэсэгт хуваагдаж байна.

Нэгдүгээр хэсэгт ардчилсан уламжлалт сургуулиуд багтана. Ийм сургуулиуд нь ардчилсан нийгэмд тэгш эрхтэй иргэдийг бэлтгэн гаргаж, суралцагч бүрт ижил боловсрол эзэмшүүлэхийг зорьж, боловсролын агуулгыг стандартчилж тогтоодог байна. Ардчилсан нийгмийн харилцаанд зохицон амьдрах нийгмийн шинжийг иргэдэд төлөвшүүлэхэд онцлон анхаардаг байна. Ийм сургуулиуд эцэг эхчүүдийн таашаалд илүү нийцдэг байна.

Хоёрдугаар хэсэгт нийгмийн үр өгөөжтэй сургуулиуд багтана. Хүн баялагийг бүтээж, түүний үр дүнд нийгэм, улс орон оршин тогтноно. Иргэн бүр “сайн ажиллавал сайхан амьдарна” гэсэн үзэл санааг үйл ажиллагааныхаа удирдлага болгож суралцагчидаа эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох бэлтгэл, чадвартай болгоход түлхүү анхаарч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа зохион байгуулдаг байна. Ийм сургуулиуд бизнесийн хүрээнийхний таашаалыг ихээхэн хүлээдэг ажээ.

Гуравдахь хэсэгт хөгжүүлэгч сургуулиуд багтана. Хувь хүн өөрийн нөөц бололцоонд түшиглэн бүх талаар хөгжих боломжийг нээж, биеэ дайчлан бүтээлчээр суралцах нөхцлийг бүрдүүлнэ. Нуугдмал нөөц бололцоо, авъяас чадвараа илрүүлэн ашиглахад нь суралцагчиддаа тусална. Ийм сургуулийн төгсөгчид нийгмийн аль ч салбарт дасан зохицож биеэ дааж ажиллах чадвартай болдог.

Дөрөвдэх хэсэгт нийгмийн үзэлтэй сургуулиуд багтана. Ихэвчлэн колони байсан орнуудад ийм сургууль байх бөгөөд нийгмийн ялгаварлан гадуурхагдсан хэсэгт зориулсан сургууль байгуулж тэдгээр хүмүүсийн төлөө үйл ажиллагаа явуулах ёстой хэмээн үздэг. Эдгээр сургуулиуд нь “хүмүүс өөрийгөө гэхээс илүү нийгмээ дээдлэн их зүйл бүтээх ёстой” гэж номлодог байна.

         Өнөөгийн нөхцөлд ихэнх сургуулиуд хүмүүжил төлөвшил олгоход төдийлөн анхаарал хандуулахгүй, зөвхөн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн мэдлэг олгож байгаа нь нийгмийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй ёс суртахуун муутай, нийгмийн хариуцлагагүй гишүүдийг буй болгоход хүргэж байна. Эдгээр хүмүүс нь эцэг эхийнхээ мөнгө хөрөнгө, хайр ивээл, улсын зээл тусламжаар дөрөв, таван жил сурсан хэдий ч улс орондоо үнэнч шударгаар хөдөлмөрлөх нийгмийн ухамсар төлөвшөөгүй төгсөж байгаагаас их дээд сургуулиуд болон дээд боловсрол, мэргэжилтэй боловсон хүчний нэр хүнд асар доогуур болж байгаа нь боловсролын үнэ цэнийг бууруулж, амжилттай сургаж байгаа сургууль, амжилттай сурч төгсөж байгаа төгсөгчдийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж байна. Дээрхи 4-н хэв шинжийн сургуулиудын аль хэсэгт ИЗОУИС багтах вэ гэдгийг аваад үзэхэд 3 дахь буюу хөгжүүлэгч сургуулийн бүлэгт ИЗОУИС үйл ажиллагааныхаа онцлог шинжээрээ багтаж байна.

          Их Засаг Олон улсын их сургууль суралцагчдыг оюутан байх үед нь бүх талаар хөгжих, сурч хүмүүжих нөхцөл боломжийг бүрдүүлэх, бие хүн болгон төлөвшүүлж, төгсөгчдөө нийгэмд бэлтгэх зорилт тавьж ажилладаг. Ийм зорилгоор ИЗОУИС цогц боловсролын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон төрлийн ажлууд зохион байгуулж байгаа нь оюутнууд өөрсдийн нөөц бололцоог бүрэн ашиглах, өөрсдийгөө нээн хөгжүүлэхэд ихээхэн үр дүнтэй ажил болж байна. Цогц боловсролыг сайн мэргэжилтэн бэлтгэхэд төдийлэн үр дүнгүй зүйл гэж үзэж болохгүй. Харин цогц боловсрол л жинхэнэ чадварлаг мэргэжилтэн төрүүлэх бодит арга зам юм. Учир нь хувь хүний авъяас чадварыг дээд зэргээр хөгжүүлэхийн тулд үндсэн хүчин зүйлүүдийг нь жигд өсгөж өгдөг боловсрол юм. Хувь хүний хүчин чадлыг ингэж дээд зэргээр хөгжүүлэх боловсролын арга нь цогц боловсрол олгох сургалтын хөтөлбөр юм. Өөрт байгаа чадвараа дээд зэргээр ашиглаж чадсан хүн аливаа бэрхшээлийг даван туулж, өөрийгөө нээж хөгжүүлж чаддаг. Тухайн оюутанд байгаа нөөц бололцоог нээж, хөгжүүлэхийн төлөө сургууль багш нар ажиллах нь тэдний авьяас чадварыг дээд зэргээр хөгжүүлж өгөхөд чухал үүрэгтэй. Энэ нь бие хүн болон төлөвшихэд чухал тулгуур болж, амьдралын зорилготой, нийгмийн идэвх, нийгмийн хариуцлага өндөртэй эх оронч иргэдийг төрүүлэн гаргана. Бие хүн төлөвших гэдэг нь оюуны чадамж, ёс зүйн хүмүүжил, бие бялдарын хөгжил, өөрийгөө удирдах болон багаар ажиллах чадвар, эх оронч үзэл, гоо зүйн хүмүүжил зэрэг хүчин зүйлийг бүх талаас нь хөгжүүлж чадсан чадварыг хэлнэ. Аливаа хүн өөрийн авъяас чадвар сонирхол дээрээ тулгуурлаж хөгжвөл илүү амжилтанд хүрэх бөгөөд тасралтгүй хөгжиж чадвал нийгмээ ч өөрчилж чадна.

         Сурч байгаа сургууль, мэргэжилдээ дур сонирхолтой байх нь ирээдүйн амжилтын үндэс нь болдог. Ийм зорилгоор мэргэжлийн удиртгал хичээлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, мэргэжлийн хүмүүстэй уулзалт яриа хийлгэх, мэргэжлийн байгууллагын онцлогтой танилцуулах зэрэг ажлуудыг системтэй зохион байгуулж, хичээл бүрээр уралдаан, тэмцээн, АСТ, клиник сургалт явуулж оюутнуудыг өргөнөөр хамруулах нь чухал ач холбогдолтой. Энэ нь оюутнуудыг мэргэжилдээ дур сонирхолтой болгохоос гадна боловсролын байгууллагын өмнө тавигдаад байгаа мэдлэгийг чадварт хүргэх зорилтыг хэрэгжүүлж, онол практикын нэгдлийг хангахад чухал үр нөлөөтэй.

         Эдүгээ цаг үед шинэ мэдлэг асар их бий болж байгаа болохоор мэдлэгийн хэмжээ чухал биш, мэдлэгийг зөв хэрэглэх чадвар чухал болж байна. Өнөөдөр ИЗОУИС-ийн үйл ажиллагаа жилийн хугацаагаар төлөвлөсөн сургалт хүмүүжлийн ажлын төлөвлөгөөгөөр хэрэгждэг. Энэхүү сургалт хүмүүжлийн ажлын төлөвлөгөөний 90% нь мэргэжлийн чиглэлтэй ажлууд байна. Эдгээр ажлууд хичээлийн бусад цагаар зохион байгуулагддаг учраас соёл хүмүүжлийн ажлууд гэж ойлгодог ойлголт байсаар байгаа хэдий ч өнөөдрийн нөхцөлд албан бус сургалт гэж үзэх нь зүйтэй. Мөн хичээл сургалт гэдгийг зөвхөн анги танхимд, багш самбарын өмнө, суралцагчид ширээний ард байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт хүн бүрт байдаг. Суралцагчдын эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагаас хамаарч сургалтыг зөвхөн ийм хэлбэрээр явуулах нь хангалтгүй болж байгаа нь амьдралаас харагдах болсноор “сургалт оюутан төвтэй байх ёстой” гэсэн хандлага буй болоод нилээд олон жилийн нүүр үзэж байна. Оюутан төвтэй гэхээр багш хэрэггүй гэсэн ойлголт биш юм. Харин суралцагчдын сурах идэвх чармайлтыг өрнүүлж, оролцоог нэмэгдүүлэх явдал нэн чухал гэсэн үг юм.

         Оюутнуудын сурах идэвх чармайлтыг нэмэгдүүлэхэд дээрхи ажлууд чухал нөлөөтэй. Мөн олон төрлийн урлаг, спортын тэмцээнүүд, оюутны үүсгэл санаачлагын байгууллагууд зэрэг нь оюутнуудад авъяас чадвараа нээж, өөрийгөө бүх талаар хөгжүүлэх улмаар удирдан зохион байгуулах, хүнтэй ажиллах зэрэг ажлын арга барилтай болгоход ихээхэн ач холбогдолтой юм. Энэ бүхэн нь сургуулиа төгсөөд ажилд орох, албан байгууллагад ажиллахад тодорхой хэмжээний туршлага хуримтлуулан улмаар багаар ажиллах чадварыг эзэмшсэн байдаг.

         ИЗОУИС-ийн дараагийн нэг анхаарал хандуулдаг зүйл бол оюутныг бие даасан үйл ажиллагаанд сургахад оршдог. Хичээл орсон л бол биеэ дааж гүйцэтгэх даалгавар байх ёстой гэж үздэг. Энэ нь оюутныг бие даасан үйл ажиллагаанд сургахаас гадна хичээл дээр үзсэн зүйлээ бүрэн гүйцэд эзэмшсэн эсэхийг шалгах шалгуур болдог төдийгүй өөрт оногдсон үүргээ биелүүлж улмаар аливаа үүрэг даалгаврын цаана гарч чадах чадвартай болгоход чиглэдэг. Сургуулийн захиргаанаас 7 хоногийн 1 өдрийг бие даалтын өдөр хэмээн хичээлийн хуваариар зохицуулж өгсөн байдаг. Хичээлийн хуваарь дээр бичигдсэн учраас оюутан бүр номын санд суух, эх зохиол унших, тэмдэглэл хийх, илтгэл, бие даалтын ажил, эссе, реферат, курсын ажил бичих зэргээр бие даан суралцах өдөр юм. Оюутан болсноор лекц сонсож, бичиж, семинарын хичээл дээр ярьж, илтгэл тавьж сурдаг. Харин өөрсдөө бие дааж бичиж, дүгнэлт шинжилгээ хийж сурах тал дээр хангалтгүй байгаа нь харагдаж байгаа тул ИЗОУИС-ийн оюутан бүр хичээл бүр дээр бие даалтын ажил хийдэг боллоо. Энэ нь тус сургууль судалгааны их сургууль болох гэсэн нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэх нэн чухал алхам болж байна.

         Бие даан гүйцэтгэх сургалтын төрөл бүрийн даалгавар нь оюутны хамгийн үр бүтээлтэй сурах үйл ажиллагаа юм. ИЗОУИС-аас олон төрлийн эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулдгийн дотор “Их засаг- Орчин үе” хурал нилээд томооохон далайцтай хурал юм. Энэхүү хурал 2 үе шаттай зохион байгуулагдаж 1 дүгээр шат нь бүрэлдэхүүний сургуулиудын хэмжээнд, 2 дугаар шат нь улсын хэмжээнд зохион байгуулагддаг. Энэ хурал нь 1990-ээд оноос хойш их дээд сургуульд сурч байсан хүн бүрийн сонорт хүрсэн оролцохыг хүсдэг, үе үеийн “элит” оюутнуудын чөлөөт индэр болсон нэр хүндтэй хурал юм. Мөн нэрт эрдэмтэн Ж.Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” оюутны эрдэм шинжилгээний хурлыг Монголын бүх оюутнуудын дунд зохион байгуулж байна. Эдгээр хурлуудад оролцож, шилдгийн шилдэг илтгэгч, шилдэг илтгэгч болох нь оюутан бүрийн хүсэл сонирхол байдаг.

         ИЗОУИС-д оюутнуудаа хөхүүлэн дэмжих, урамшуулах олон хэлбэрүүд бий. 5-н улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутан сургалтын төлбөрийн 15% тай тэнцэхүйц хэмжээний тэтгэлэг хүртэж Чингис хааны тэтгэлэгт оюутан болдог, жил бүр ИЗОУИС-ийн шилдэг 500 оюутныг шалгаруулж ректорын гарын үсэгтэй захидал гэрт нь илгээдэг, улирал дараалан А үнэлгээтэй суралцаж байгаа оюутныг Тэргүүний оюутан алтан медаль, амжилттай суралцахын зэрэгцээ нийгмийн идэвхтэй, авъяаслаг оюутнуудад Их засаг алтан медаль, Алдрын од медалиудаар урамшуулан шагнадаг.

         ИЗОУИС-ийн нийт оюутнуудын дунд “Супер студент” хөтөлбөр хэрэгжүүлж жил бүр шалгарсан 10 оюутныг гадаадын их, дээд сургуулиудад 1-4 жилийн хугацаагаар үнэ төлбөргүй суралцуулж байна. Мөн БНСУ-ын их, дээд сургуулиуд, ОХУ-ын Иркутскийн хуулийн их сургуультай хамтарсан зуны сургалтуудыг зохион байгуулж мэргэжлээрээ амжилттай суралцаж буй оюутнуудыг жил бүр оролцуулдаг.

         ИЗОУИС жинхэнэ үйлчилгээний байгууллага. Оюутнууддаа зориулан электрон номын сан, интернет, биеийн тамирын болон урлагийн зал, эмнэлэгийн салбар, оюутны дотуур байр, хамгаалалтын алба, клиник сургалтын төв, инженер техникийн болон үйлчилгээний алба үйл ажиллагаа явуулдаг.

         Бүрэлдэхүүний сургууль бүр дээр оюутнуудынхаа хичээл сургалт, хүмүүжил ёс суртахуунд анхаарч, туслан дэмжих зорилгоор декан, оюутны алба, оюутан хариуцсан багш, бүлэг удирдсан багш нар ажилладаг. Бүрэлдэхүүний сургууль, цогцолбор бүр дээр оюутны гүйцэтгэх хороо, оюутны үйлчилгээний төвүүд ажилладаг. Эдгээр байгууллага нь оюутнаа удирдан зохион байгуулах, үйлчлэн туслах, дэмжих, зөвлөх зорилготой байгууллагууд юм. Сургуулийн хэмжээнд жил бүр бүх нийтийн нууц санал хураалтаар оюутны парламентын гишүүдийг сонгодог. Оюутны парламентын гишүүд нь ИЗОУИС-ийн оюутнуудын дуу хоолой болж ажилладаг нэр хүндтэй байгууллага юм.

  • ИЗОУИС нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж Алтан категорийн олон улсын чанарын хаан титэм хүртсэн. Мөн Ази номхон далайн орнуудын магадлан итгэмжлэх байгууллагын жинхэнэ гишүүн бөгөөд хурлуудад нь тогтмол оролцож, тухайн байгууллагаас гаргасан шаардлагад нийцэж үйл ажиллагаагаа явуулдаг.
  • ИЗОУИС гадаадын олон сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлдэг. БНХАУ-ын Хэбэйн их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Тянжиний аж үйлдвэрийн их сургууль, Заочин их сургууль, Япон улсын Киото Гакуэн их сургууль, Акита их сургууль, Осакагийн Эдийн засаг, хуулийн их сургууль, БНСУ-ын Алс дорнодын их сургууль, Кёнги их сургууль, Кангвон, Чангвоны Үндэсний их сургуулиуд, Нам Сөүлийн их сургууль, Сингапурын Менежмент Хөгжлийн Институт, Малайз улсын Лимкоквин их сургууль зэрэг олон сургуулиудтай хамтран ажилладаг.
  • ИЗОУИС-д Орос, Япон, Хятад, Солонгос, Тайвань, Энэтхэг, Африк, Америк улсын 50 гаруй гадаадын мэргэжилтэн багш нар ажилладаг. Мөн ОХУ, Хятад, Вьетнам, Солонгос зэрэг орнуудаас оюутнууд суралцдаг.

Монгол улсын үндсэн хуулийн 16.7-д “Монгол улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” хэмээн заасан байдаг. Ийнхүү 1992 оноос хойш олон хувийн сургуулиуд байгуулагдсанаар Монгол улсын иргэн бүр сурч боловсрох эрхээ бүрэн эдлэх болсон билээ. Мөн сургуулиа өөрийн хүсэл эрмэлзлээр сонгох болсон нь сайн, муу сургуулийн тухай яриа нийгмийг хамарсан хэдий ч чухам ямар сургууль сайн бэ? гэдэг асуултанд хэн ч хариулж чадахгүй байсаар байна. Сургууль төгсөгчдөөс авсан нэгэн судалгааны дүнгээс харахад төгсөгчдийн 60-70% нь өөрийнхөө төгссөн сургуулийг сайн гэсэн үнэлгээ өгсөн байна. Аливаа хүн сайн мэдэхгүй, ойлгохгүй зүйлийнхээ талаар шүүмжлэх дуртай байдаг. Энэ үгийг дээрхи судалгааны дүн батлах мэт санагдана. Тэгвэл сайн сургууль гэж ямар сургуулийг хэлэх вэ? гэдэг асуултанд хариулахыг оролдъё. ИЗОУИС сайн сургууль мөн үү?

         Сайн сургуулийг 3-н хүчин зүйл тодорхойлдог юм байна. Сайн сургууль байхын тулд сургалтын сайн хөтөлбөртэй байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сайн багш нартай байх ёстой. Тэгвэл манай хөтөлбөр олон жил хэрэгжиж энэхүү хөтөлбөрөөр 10000 гаруй төгсөгчид төгсөж гарсны 86% нь ажлын байраар хангагдсан. Мөн гадаадын олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн. Үүний нэг тод жишээ бол гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа явдал юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээр 300 гаруй багш ажиллаж байгаагийн 98% нь магистраас дээш цолтой гадаад дотоодод их дээд сургууль төгссөн сурган хүмүүжүүлэх ажлын туршлагатай хүмүүс байна.

         Сайн сургууль байх дараагийн шалгуур бол сургалтын стандарт хангасан орчин нөхцөл, анги танхим, кабинет, сургалтын тоног төхөөрөмж юм байна. Тэгвэл ИЗОУИС-ийн бүрэлдэхүүний сургууль бүр нь сургалтын стандарт хангахуйц өөрийн байртай, сургалтын тоног төхөөрөмж бүхий анги танхим, клиник сургалтын төв, мэргэжлийн лаборатори, кабинетуудтай зэрэг нь энэхүү шалгуурт бүрэн нийцэж байна.

         Гуравдахь буюу тухайн сургуульд суралцахад чухал зүйлийн нэг бол сэтгэл зүйн таатай орчин юм байна. Ямар ч хүний ажиллах, сурах газар нь сэтгэлзүйд нь нийцэж байх ёстой бөгөөд сэтгэл зүйн таатай орчин нөхцөлд хүмүүс илүү амжилтанд хүрч чаддаг байна. Сэтгэл зүйн таатай орчин гэдэг нь сурах үйл явцад мэргэжлийн үүднээс ханддаг нэгдсэн зорилготой сурган хүмүүжүүлэх хамт олныг бүрдүүлж, тэднийг хамтран ажиллах, суралцах, асуудлыг хамтран шйидвэрлэх орчныг бүрдүүлэх явдал юм. Энэхүү орчныг бүрдүүлэхэд сургуулийн удирдлагууд болон багш ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сургуулийн ололт амжилт нь хэн нэгэн удирдах ажилтан юмуу багшид дангаараа харъяалагддаггүй. Харин багш нар сургах, суралцагчид суралцах үүргээ бүрэн ухамсарлаж суралцахад л сэтгэл зүйн таатай орчин чухал үүрэгтэй юм. Иймээс ИЗОУИС багш ажилтны ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд энэ нь тэдний үүрэг хариуцлагыг өндөржүүлдэг төдийгүй оюутнуудын эрх ашгийг дээдэлж зөв боловсон харилцах харилцааны соёлыг дээшлүүлэх улмаар ёс суртахууны зөрчил дутагдлаас сэргийлэн хамгаалахад нэн чухал ач холбогдолтой юм.

Дээр дурьдсан 3-н хүчин зүйлс ИЗОУИС-д бүрэлдэн тогтсон учраас ИЗОУИС-ийг сайн сургууль хэмээн дүгнэх бүрэн үндэслэлтэй юм.