Монголын түүхэн их хувь хүн, Эзэн Богд Чингис Хааны мэндэлсэн өдөр тохиож байгаатай холбогдуулан Их Засаг Олон Улсын Их Сургуулийн эрдмийн хамт олон болон оюутан залуус 2025 оны зуны эхэн сарын шинийн 16-ний "Улаан тэргэл" өдөр сургуулийнхаа хойморт сүндэрлэх Чингис Хааны хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө.
Монголын нууц товчоо, Лувсанданзангийн “Алтан товч”, Сайшаалын “Чингис Хааны товчоон”, Ш.Нацагдоржийн “Чингис Хааны цадиг” зэрэг түүхэн эх сурвалжуудад Чингис Хаан уг өдөр мэндэлсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ өдөр нь зөвхөн нэгэн их хүний мэндэлсэн өдөр төдийгүй, Монголын төрт ёсны суурь тавигдсан түүхэн мөч гэдгээрээ онцлог юм.
Ёслолын үеэр Их Засаг ОУИС-ийн Ректор, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Багш, Доктор /Sc.D/, профессор Н.Ням-Осор “Чингис Хаан бол зөвхөн байлдан дагуулагч биш, харин Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтнийг нэгтгэх, шашин шүтлэг үл алагчлан эв нэгдлийг эрхэмлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэгч, хүн төрөлхтний түүхэнд гүн ул мөр үлдээсэн удирдагч байсан” гэдгийг онцлон дурдлаа.
Мөн Чингис Хааны үйл хэрэг сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын эрдэмтдийн судалгаагаар дахин үнэлэгдэж, түүний улс төр, нийгэм, соёл иргэншилд оруулсан хувь нэмэр дэлхийн түүхэнд шинэ өнцгөөс харагдаж байгаа талаар тэмдэглэв. Үүний тод жишээ нь АНУ-ын "Вашингтон пост" сонин Чингис Хааныг хүн төрөлхтний хоёрдугаар мянганы “Агуу хүн”-ээр нэрлэснийг дурдаж болно.
Чингис Хааны алдар сууг үеийн үед дээдлэн хүндэлж, түүний үнэт өвийг судлан таниулж, залуу үед өвлүүлэх нь Монгол Улсын ирээдүйг бүтээх оюунлаг залуусын үүрэг хариуцлага гэдгийг уг арга хэмжээ батлан харууллаа.
Тэмүжин нумын хөвчинд төрөөгүй юм.
Тэмүүжин сумын зэвнээс гараагүй юм.
Тэмүүжин – Өэлүн эхээс төрсөн юм.
Тэмүүжин – Өрлөг түүхээс төрсөн юм гэж өгүүлсэн нь түүний түүхэн мөн чанар, хүнлэг сэтгэл, төр улсаа бүтээх агуу зорилгын илэрхийлэл юм.