Их Засаг Их Сургууль 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн тангаргийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Их Засаг Их Сургуулийн уламжлалт, утга учиртай үйл ажиллагааны нэг болох тангаргийн баярын үеэр бүрэлдэхүүний сургуулийн шинэхэн оюутнууд албан ёсоор оюутан болж, эрдмийн их үйлсийн замналынхаа эхлэлийг тавилаа.
Энэ жил шинээр элсэн орсон I курсийн оюутнууд тангаргаа өргөж, эрдэм мэдлэгт шамдан суралцаж, эх орон, нийгэмдээ хэрэгтэй чадварлаг мэргэжилтэн болох үнэт амлалтаа өгсөн нь баярын үйл ажиллагааны онцлох мөч байв.
Мөн ёслолын үеэр шинэ элсэгчдэд оюутны энгэрийн тэмдэг, оюутны үнэмлэх, батламж гардуулан өгч, Их Засаг Их Сургуулийн оюутны эгнээнд албан ёсоор элссэнийг баталгаажууллаа. Эдгээр нь тэдний өмнө нээгдэж буй шинэ амьдралын эхлэл, мэдлэг боловсролын оргилд хүрэхийг бэлгэдэж байна.
Ийнхүү 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ элсэгчид тангаргаа өргөж, эрдмийн замд хөл тавьсан энэ өдөр нь оюутны амьдралын мартагдашгүй, бахархалт нэгэн хуудсыг нээсэн түүхэн мөч боллоо.
📅 2025.09.12