CircleCircle

Ректорын мэндчилгээ


Image

Чингис хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль

Чингис хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль нь 1994 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 9 харьяа, салбар, бүрэлдэхүүний сургуультай, 7000 гаруй оюутан суралцагчидтай, гадаадын 60 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаа хөгжүүлсэн хувийн хэвшлийн томоохон их сургууль болон өргөжөөд байна.

Их Засаг Их Сургууль үүсгэн байгуулагдсан энэхүү 30 жилийн хугацаанд оюутан суралцагчдадаа үндэсний өв соёл, уламжлал, түүхээ дээдэлдэг, эх оронч, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй, цогц боловсролтой “Сайн иргэн – Сайн мэргэжилтэн” болгох зорилтын хүрээнд 30 мянга гаруй залуусыг бэлтгэн төгсгөж, боловсролын тогтолцоонд гүйцэтгэх үүргээ нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж, шинэ цагийн дээд боловсролын буухиаг нэр төртэй авч яваа эрдмийн хамт олон юм.

Манай сургуулийн төгсөгчдийн 90 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж, салбартаа хариуцлагатай алба хашиж, мөн гадаад орнуудад магистр, докторын сургалтад суралцахын зэрэгцээ олон улсын компаниудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

Мөн суралцаж буй оюутнууд маань сурлага, спорт, урлаг, эрдэм шинжилгээ, судалгааны амжилт бүтээл арвинтай байж, Монгол улсын их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдаж буй болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж явдагт бид бүхэн бахархаж байдаг юм.

Их Засаг Их Сургууль нь Алтан категорийн олон улсын чанарын хаан титэм хүртэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөн 2010 онд Ази, Номхон далайн бүсийн чанарын сүлжээний гишүүн болсон. Мөн 2014, 2017, 2024 онуудад Их Британийн Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн бөгөөд үндэсний хэмжээнд дээд боловсролын байгууллагын анхны магадлан итгэмжлэлийг 2000 онд, 2005 онд хоёр дахь, 2015 онд гурав дахь, 2018 онд дөрөв дэх, 2024 онд тав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн байна. Түүнчлэн чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг амжилттай нэвтрүүлжээ.

Их Засаг Их Сургууль нь орчин үеийн жишигт нийцсэн хичээлийн болон оюутны дотуур байр, спорт заал, оюутан кино театр, номын сан, лабораториуд, мэдээлэл технологи, цахим орчин, цахим сургалтын дэд бүтэц зэрэг орчин үеийн сургуулиудын хэв шинжийг бүрдүүлсэн тул сурч мэдэхийг хүсэж манай сургуулийг зорин ирсэн хэн бүхэнд ая тухтай суралцах боломжийг бид үргэлж олгож байдаг юм.

Залуус та бүхнийг өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болоход тань манай Их Засаг Их Сургуулийн эрдмийн хамт олны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Их Засаг Их Сургуулийн Ректор,
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар,
Ардын Багш, Доктор (Sc.D), профессор
Н.Ням-Осор