Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач, багш эмэгтэйчүүд, мөн эрдмийн их далайд мэдлэг боловсролын төлөө шамдан суралцаж буй мянга мянган оюутан охид, бүсгүйчүүддээ халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн бол мэдлэгийн гэгээг түгээн дэлгэрүүлэгч, шинэ үеийн оюун санааг төлөвшүүлэгч, шинжлэх ухаан, боловсролын хөгжлийн хөдөлгөгч хүч билээ. Багш, судлаач, эрдэмтэн эмэгтэйчүүдийн уйгагүй хөдөлмөр, чин сэтгэлийн зүтгэл, оюуны их бүтээл нь нийгмийн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар байна.
Мөн эрдмийн оргил өөд тэмүүлэн, мэдлэг боловсролын төлөө хичээнгүйлэн суралцаж буй оюутан охид, бүсгүйчүүд маань ирээдүйн Монголын шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн хөгжлийн чухал тулгуур хүч болж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний эрдэм мэдлэгийн эрэл хайгуул, бүтээлч хөдөлмөр, хүсэл тэмүүлэл улам өргөжин тэлж, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
💐 Эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Март 8-ны баярын халуун мэндийг хүргэе.
Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургууль