Монгол Улсын гавьяат багш, нэрт зохиолч С.Жагдал багшийн “Суралцахуйд хийх хувьсгал” номын талаар зохиогчтой хийсэн уулзалт, ярилцлага 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Их Засаг олон улсын их сургуулийн Төв номын санд амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг Их Засаг олон улсын их сургуулийн Төв номын сан, Хүмүүнлэгийн ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны тэнхим хамтран санаачилсан бөгөөд боловсролын салбарын хөгжлийн чиг хандлага, суралцахуйн шинэчлэлийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, оюутнуудын унших, суралцах урам зоригийг нэмэгдүүлэхэд чиглэж байв.
Уулзалт, ярилцлагад Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Багш, Бага боловсрол, Сэтгэл судлал, Нийгмийн ажил мэргэжлийн 1-4 дүгээр курсын оюутнууд болон бүрэлдэхүүн сургуулийн багш нар идэвхтэй оролцож, зохиолчийн сонирхолтой илтгэл, урам зориг өгсөн яриаг анхааралтай сонслоо.
С.Жагдал багш “Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлийг амжилтад хүргэх цорын ганц зам бол суралцахуйд хувьсгал хийх явдал юм” хэмээн онцолж, энэхүү бүтээлдээ системийн сэтгэлгээний үүднээс суралцахуйн хувьсгалын загварыг дэвшүүлэн, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрхэн шийдвэрлэх тухай онол, арга зүйн тайлбарыг дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Тэрбээр боловсролын шинэчлэлийг зөвхөн бодлогоор бус, харин “суралцагчийн дотоод өөрчлөлтөөс эхэлдэг урт хугацааны процесс” гэж тодорхойлж, өнөөгийн сургалтын хандлагад шүүмжлэлтэй дүгнэлт хийснээр оролцогчдын сонирхлыг ихэд татсан юм.
Оюутнууд болон багш нар зохиолчид асуулт тавьж, боловсролын чанар, суралцахуйн орчны талаар харилцан санал бодлоо солилцсон нь уулзалтыг илүү утга төгөлдөр болголоо.
Энэхүү уулзалт нь оюутан, багш нарын бие даан суралцах сэтгэлгээ, унших дадал, боловсролын шинэчлэлийн талаарх ойлголт, үнэлэмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
📚 #СуралцахуйдхийхХувьсгал #ИхЗасагИхСургууль #ХүмүүнлэгийнУхааныСургууль