Blog
МЭНДЧИЛГЭЭ

Монголын багш нарын баярын 60 дахь, Дэлхийн багш нарын баярын 32 дахь өдрийг тохиолдуулан Их Засаг их сургуулийн эрдмийн их хөтөч болсон эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баярын халуун дотно мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Та бүхэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийн нөр их бүтээлээр Их Засаг их сургууль өөдлөн дэвжиж, Монгол эх орны маргааш болсон мянга мянган залууст эрдэм соёлын үрийг түгээн, мэдлэг боловсролын гэрэл гэгээг түгээсээр ирлээ.

Өдгөө Их Засаг их сургуульд 33 мянган залууст эрдэм мэдлэг эзэмшүүлж, тэднийг сурган хүмүүжүүлсэн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчдийн үе үеийн төлөөлөл, бүтээлч хамт олон ажиллаж байгаа нь бидний бахархал билээ.

Та бүхэн бол Их Засаг их сургуулийн эрдэм оюуны эх ундарга, хөгжлийн үнэт түшиг, үе үеийн шавь нарынхаа амьдралын замыг гэрэлтүүлэгч эрхэм хүмүүс билээ.

Тэр дундаа Их Засаг их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдмийн зэрэг, докторын цолтой эрдэмтэн багш нартаа баярын мэндийг тусгайлан өргөн дэвшүүлье.

Та бүхний оюуны их ертөнцөөс ундаалж, эрдэм мэдлэгийн зам мөрийг тань үргэлжлүүлэн яваа мянга мянган шавь нарынхаа өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Эрдэм номын их үйлс тань дэлгэрч,
Эрдмийн шавь нар тань арвижиж,
Эх орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр тань улам бүр өсөн дэлгэрэх болтугай.

Та бүхэндээ Монголын багш нарын баярын 60 дахь, Дэлхийн багш нарын баярын 32 дахь өдрийн мэндийг дахин өргөн дэвшүүлье!

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш,
Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор,
Их Засаг их сургуулийн ректор
Намсрайн НЯМ-ОСОР