Их Засаг их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн гадаад оюутнуудын монгол хэлний бэлтгэлийн I ээлжийн суралцагчдад сертификат гардуулах ёслолын үйл ажиллагаа 2026 оны аравдугаар сарын 30-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Ёслолын үйл ажиллагааг Их Засаг их сургуулийн сургалт, үйл ажиллагаа хариуцсан проректор, доктор, дэд профессор Г.Туяа нээж, монгол хэлний бэлтгэлээ амжилттай дүүргэсэн суралцагчдад баяр хүргэн, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Энэ үеэр маркетинг, хүний хөгжил эрхэлсэн проректор Б.Мэндбаяр монгол хэлний унших, бичих, ярих чадвараараа бусдыгаа манлайлан суралцсан шилдэг зургаан оюутанд “Их Засаг алтан медаль” гардууллаа. Мөн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн багш нар хэлний бэлтгэлээ амжилттай төгссөн оюутнуудад сертификат гардуулж, тэдний хичээл зүтгэл, идэвх оролцоог үнэлэн урамшуулсан юм.
Арга хэмжээний үеэр гадаад оюутнууд “Улаанбаатарын үдэш” дууг хамтран дуулж, чөлөөт бүжиг бүжиглэн, Монголын нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Алс газар сурахаар одогч” шүлгийг уншиж, авьяас чадвар, сурсан мэдсэнээ хүрэлцэн ирсэн зочдод толилууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь монгол хэлийг гадаад оюутнуудад сурталчлан таниулах, Монгол Улсын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Түүнчлэн гадаад оюутнуудын суралцах хүсэл эрмэлзлийг дэмжих, сургуулийн орчин, соёлтой танилцуулах, багш, оюутны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Монгол хэлийг сурч, Монголын соёлыг танин мэдэж буй нийт суралцагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөе!