Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд Их Засаг Их Сургуулийн нэгдүгээр курсийн оюутнуудад зориулсан “Монголын уран зохиол” хичээлд зочин лекц уншлаа.
Тус хичээлийг хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Б.Мөнгөнтулгын урилгаар зохион байгуулсан бөгөөд оюутнуудад уран зохиолын үнэ цэнэ, ном уншихын ач холбогдол, эх хэлний мэдрэмж болон найруулан бичих чадварыг хөгжүүлэхийн талаар мэдлэг, ойлголт өгөхийг зорилоо.
Өнөө цагт техник, технологийн хөгжил хурдасч, гар утас болон хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэж буй энэ үед залуусын эх хэлний мэдрэмж, зөв найруулан бичих чадварыг хөгжүүлэх нь боловсролын салбарын чухал асуудлын нэг болоод байна. Тиймээс “Монголын уран зохиол” хичээлийн хүрээнд зохиолчтой шууд уулзаж, уран зохиолын ертөнцийн талаар ярилцах боломжийг оюутнуудад олгосон юм.
Хичээлийн эхний 40 минутад доктор Б.Мөнгөнтулга лекцийн үндсэн агуулгыг тайлбарласан бол дараагийн хэсэгт зохиолч Д.Энхболд туужийн төрөл зүйлийн хөгжил, уран зохиолын үнэ цэнэ, зохиол бүтээл унших нь хүний сэтгэлгээ, оюун санааны хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар өөрийн мэдлэг, үзэл бодол, туршлагаасаа хуваалцлаа.
Мөн оюутнууд зохиолчоос сонирхсон асуултаа асууж, дэлгэрэнгүй хариулт авсан нь хичээлийг харилцан яриа, санал бодол солилцсон үр өгөөжтэй сургалт болгосон юм.
Хамтарсан хичээлийн үр дүнгийн талаар доктор Б.Мөнгөнтулга онцлохдоо, оюутнууд “Монголын уран зохиол” хичээлийн үнэ цэнэ, ач холбогдол, сургалтын үйл явцад эзлэх байр суурийг илүү гүнзгий ойлгож байгаагаа илэрхийлсэн нь хичээлийн зорилго биелсний илрэл болсныг тэмдэглэлээ.
Ийнхүү зохиолчтой биечлэн уулзаж, уран зохиолын талаар санал бодлоо солилцсон энэхүү лекц нь оюутнуудын ном унших хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, эх хэлний мэдрэмжийг төлөвшүүлэх, найруулан бичих чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Хичээлийн төгсгөлд Их Засаг Их Сургуулийн зүгээс зохиолч Д.Энхболдод талархлын бэлэг гардуулж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ.