Их Засаг Их Сургуулийн Их Засаг Шинжлэх Ухааны Сургууль 2025–2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Энэ жил тус сургуулийн 26 дахь удаагийн хичээлийн жил бөгөөд сургалт, судалгааны шинэ зорилго, зорилтдоо “аз жаргалтайгаар суралцаж хүрэхийн эхлэл” болсон онцгой жил болж байна.
Сургуулийн хөтөлбөрүүд нь Монгол Улсын Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Их Британийн магадлан итгэмжлэх зөвлөлөөр албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн бөгөөд энэ нь сургалтын чанарын баталгаа төдийгүй төгсөгчдийн баримт бичиг нь дэлхийн 100 гаруй улс оронд хүлээн зөвшөөрөгддөг үнэ цэнтэй онцлогтой юм.
Их Засаг Шинжлэх Ухааны Сургууль нь цахим болон танхимын хосолмол сургалтын хэлбэрээр боловсрол олгодог бөгөөд Монгол Улсын оюутнуудаас гадна БНХАУ, ОХУ, БНКУ, Фижи зэрэг улсын оюутнууд суралцаж буй нь сургалтын олон улсын чанарыг илтгэж байна.
2025–2026 оны хичээлийн жилд тус сургууль бакалаврын эчнээ 2, магистрын 3, докторын 3 хөтөлбөрөөр элсэлт авч, сургалт, судалгааны ажлаа амжилттай эхлүүлээд байна.
Цаашид тус сургууль судалгаанд суурилсан сургалтын чанарыг нэмэгдүүлж, дотоодын болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
🎉 Оюутан суралцагч, эрдэмтэн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, эрдэм судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье!